Ижий бурхан

Бурхан гэж байдаг бол тэр нь ээж. Хүн бүхний ээж үрдээ энэрэлтэй. Ижийтэй хүн энэ орчлонд өнчрөхийн зовлон үздэггүй.  Ижийгүй хүн шиг өнчин өрөвдөм хөөрхийлөлтэй хүн үгүй билээ. Ээжтэй хүн эрхэлж жаргадаг, ээжгүй хүн эмтэрч туулдаг хорвоо. Ижийтэйгээ цуг өтлөнө гэдэг бас нэг хувь тавилан аз жаргал билээ. Эрдэнэт хүмүүн биеийг эцгийн цагаан дусал эхийн улаан дуслаас олж эхийн халуун хэвлийд ураг бүрэлдэн бойжиж “хоёр яс хагацахын” өвдөх зовлонд ижийгээ шаналган  байж төрсөн үр нь би өсөж хүн болох гэж өвлийн урт нойтон шөнө нойрыг нь хугасалж, өвдөж уйлж сэтгэлий нь өвтгөж өссөн хойноо ямар хүн болох нь мэдэгдэхгүй эхийгээ зовоож энд тэнд хэсэн явж санаа сэтгэлээр нь шаналган зүдрээх аль олон бие сэтгэлийн бэрх зовлонг эхдээ амсуулаа бол. Эхийн ачийг хариулах бус элдэв зовлонг нэмж шаналгасан нь олонтаа. Үрийнхээ хойноос цаг мөч бүрийд анхаарч бие сэигэлийн тамираа тасартал зүтгэж үрдээ зовлонг бус жаргалыг авчирдаг ижий  бурхнаас өөр хэн байх билээ. Эхээс ачтай хүн энэ орчлонд төрөөгүй. Эхийнхээ ачийг хариулсан үр байна гэж би хувьдаа сонсоогүй. Намайг шагнуулж магтаал хүлээхэд надаас илүү баярлан гялайдаг, намайг зэмлүүлж шийтгүүлэхэд надаас илүү шаналан зовдог хүн маань ээж минь юм. Энэ хүн эгэл жирийн хүн биш бурхан сэтгэлтэй энэрэн хайрлагч, аврагч ачтай ижий бурхан билээ. Ижий минь та үрдээ бурхан болохоор “Бурхан болж” бүү нөгчөөрэй.

11б Э.Алтан цоож  

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)